Friday, November 27, 2009

Хуримын зар

Хуримын зар
Гүүний сөл хөл дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо
Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан худгийн асгарт хэллээ.
Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ
Энтээ уулын хярд азын цолмон өеөджээ
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ.
Эрхэлж унасан намрын мананг яран
Эр бор харцага сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсам тавья гэж бодсон юм
Ухаант ардынхаа дуунд хүлээтэй байгаад чадсангүй

No comments:

Post a Comment