Friday, November 27, 2009

Таяг

Харандаагаар бичсэн нэгэн захидлыг нутгийн өвөө таяг захин илгээжээ. Тэр үед нь би төдий л яараагүй бөгөөд хоёр жилийн дараа хүрэн модон таяг хаа газраас дамналзуулан хүрч ирвэл өвөө өөд болчихсон байж билээ.
Эдүгээ гучин насанд уул захидлыг дахин уншаад тэр өвөө хэвтрээсээ хүчлэн өндийж хана, эргэнэгээ түшсээр гадаа гарч нар, тэнгэр, Жавхлант Хайрхан, Улаан дэлийн хажуу дээр идээшиж яваа хөгшин цагаан морио эцсийн удаа харахдаа надад захисан таягаа эрхгүй нэг дурсаа даа гэж бодохуйяа ухаангүй багын явдлаа зүрх минь зэмлэн гасалж, нэгэнт орхин одсон тэр нэгэн хорвоог нэхэн халаглав.
Еэ илээ гэж. Нутгийн өвөө ганц хором ч бол босож ирээд тэр заяагүй таягийг шүүрэн авч тархин дундуур минь нэг сайн татаад өгдөг ч болоосой...

No comments:

Post a Comment